Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв Камбож улсад зохион байгуулагдаж буй Азийн бүсийн зөвлөлдөх семинарт оролцож байна

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв Камбож улсад зохион байгуулагдаж буй Азийн бүсийн зөвлөлдөх семинарт оролцож байна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Камбож Улс, Пномпень хот | 2026 оны 11 дүгээр сарын 11–13

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв (GGMRRC) нь 2026 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Камбож Улсын Пномпень хотод зохион байгуулагдаж буй “Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч малчдын бүтээмжийг тогтвортой нэмэгдүүлэх удирдамж боловсруулах Азийн бүсийн зөвлөлдөх семинар”-т оролцож байна.

Тус семинарыг Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид олон улсын байгууллага (VSF International) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Азийн бүсийн улс орнуудын мэргэжилтнүүд жижиг хэмжээний мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах олон улсын сайн дурын удирдамж боловсруулахад санал, туршлагаа хуваалцаж байна.

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төвийн Гүйцэтгэх захирал, доктор Д.Бурмаа  болон Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан зөвлөх доктор Б.Одончимэг нар төлөөлөн оролцож, дараах хоёр үндсэн хэлэлцүүлэгт илтгэл тавьж, санал солилцож байна.

  • Азийн бүсийн жижиг хэмжээний мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог: Монгол орны нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо, тулгамдаж буй асуудал, боломж, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд.
  • Уур амьсгал, байгаль орчин, дасан зохицох чадавх ба байгалийн нөөцийн ашиглалт: Байгалийн нөөцийн тогтвортой менежментэд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам.

Энэхүү семинарын хүрээнд Ногоон алт төв нь Монгол Улсад хэрэгжүүлж буй малчдын хамтын оролцоонд суурилсан бэлчээрийн менежмент, “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хуримтлуулсан туршлагаа хуваалцаж байна.Мөн мал аж ахуйн салбарын бодлогын орчин, шинэ технологи, мэдлэг мэдээллийн х

үртээмж, бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, зах зээлд нэвтрэх боломж, жендэрийн тэгш байдал болон нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэхүү оролцоо нь Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, малчдын мэдлэг, туршлага, хэрэгцээ шаардлагыг олон улсын сайн дурын удирдамжид тусгахад хувь нэмэр оруулах чухал боломж юм.

Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв нь бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын түвшинд идэвхтэй ажиллаж байна.

#НогоонАлтТөв #БэлчээрийнМенежмент #ХариуцлагатайНүүдэлчин #ТогтвортойМалАжАхуй #МонголУлс #Камбож #GGMRRC #FAO