ХӨЛӨРТ” МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБООНЫ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ТЕХНОЛОГИД СУРАЛЦЛАА

ХӨЛӨРТ” МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБООНЫ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ТЕХНОЛОГИД СУРАЛЦЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн “Хөлөрт” малчин өрхийн анхдагч холбоо 2026 оны хавар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Жижиг төслийн хөтөлбөр (ЖТХ)-т “Орон нутгийн иргэдийн уламжлан хамгаалж ирсэн ‘Унтаа уул’ орчмын газар нутгийг баримтжуулах, хамтын засаглалд тулгуурлан хамгаалах” (ICCA-GSI) төслийг бичиж хүргүүлсэн юм. Төсөл амжилттай шалгарч, 8 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. ????

Төслийн хүрээнд “Хөлөрт” малчин өрхийн анхдагч холбооноос 2026 оны 10 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд малчин эмэгтэйчүүдэд зориулсан сүү, цагаан идээ боловсруулах онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус холбооны Унтаа, Хөлөрт, Мөрөн малчин эмэгтэйчүүдийн гурван бүлгийн 17 эмэгтэй оролцож, сарлагийн сүүгээр эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэдлэг, практик ур чадвараа дээшлүүллээ. Мөн сүү, цагаан идээний боловсруулалтыг сайжруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих боломжийг бүрдүүлэхэд сургалт чиглэгдлээ.

Сарлагийн сүүгээр долоон төрлийн бүтээгдэхүүн хийж сурлаа

Оролцогчид сүүний чанар, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгээ бататгахын зэрэгцээ дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологид суралцав:

  • Зөөлөн цагаан бяслаг
  • Моцарелла бяслаг
  • Тостой болон тосгүй аарц
  • Зөөхий
  • Тараг
  • Ээзгий
  • Шар тос

Энэхүү сургалт нь малчин эмэгтэйчүүдийн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн технологитой хослуулж, орон нутгийн нөөцийн үнэ цэнийг өсгөхөд чиглэсэн юм.

Эзэмшсэн мэдлэг, ур чадвараа өрхийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо нэмэгдэж, өрхийн орлогын эх үүсвэр төрөлжиж, бүтээгдэхүүний нэмүү өртөг өсөх боломж бүрдэнэ. Түүнчлэн малын тоо толгой, бэлчээрт нэмэлт дарамт үзүүлэхгүйгээр байгаа нөөцөө үр ашигтай ашиглаж, байгальд ээлтэй, тогтвортой амьжиргааг дэмжих ач холбогдолтой.

Малчин өрхийн холбоод өөрсдийн санаачилгаар төсөл бичиж, гадны санхүүжилт татан, хамтдаа хөгжиж буй нь Ногоон алт төвийн хувьд хамгийн том үр дүн юм. “Хөлөрт” холбооны гишүүдэд цаашдын ажлын амжилт хүсье!