
Швейцарын Үндэсний Шинжлэх Ухааны Сан (SNF)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүн ба хүрээлэн буй орчны тогтолцоон дахь Нэг эрүүл мэнд: Монголын тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэслэл” төслийн хээрийн судалгааны ажил Архангай болон Төв аймагт амжилттай үргэлжилж байна.

Төслийг Швейцарын Халуун Бүсийн ба Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн (Swiss TPH), Бернийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль (BFH), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС) болон Монголын Бэлчээр Судлалын “Ногоон Алт” Төв (МБСНАТ) хамтран хэрэгжүүлж байна.
2026 оны 6 дугаар сард хэрэгжсэн хээрийн судалгааны хүрээнд төслийн баг Архангай аймгийн Булган, Хангай, Хотонт, Цахир сум болон Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад ажиллаж, малчид, сумын удирдлага, малчдын байгууллагуудтай уулзан судалгааны талбай, дээж авах цэгүүдийг сонгон баталгаажууллаа.
Судалгааны ажлын хүрээнд хөрс, ургамлын дээж цуглуулах, биомассын хэмжилт хийх, экологийн бүлгэмдлийн ялгааг тодорхойлох, ургамлын бүрхэц болон биологийн олон янз байдлыг үнэлэх, бэлчээрийн карбон хуримтлал болон ялгаруулалтыг тодорхойлох, бэлчээрийн төлөв байдлыг баримтжуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн малчин өрхүүдтэй хамтран ажиллаж, доройтсон болон харьцангуй сайн хадгалагдсан бэлчээрийн нөхцөл, ашиглалтын онцлогийг судалж байна.
Энэхүү төсөл нь бэлчээрийн экосистемийн эрүүл мэнд, малын эрүүл мэнд, хүний сайн сайхан байдал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уялдаа холбоог судалж, Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих шинжлэх ухааны үндэслэл, бодит шийдлүүдийг боловсруулах зорилготой юм.
Төслийн баг хамтран ажиллаж буй малчин өрхүүд, сумдын удирдлага, эрдэм шинжилгээний байгууллагууд болон орон нутгийн түншүүддээ талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

