Бороо Гоулд компанийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос Доргонотын бэлчээрийн болон Бортолгойн зурвасан ойн экосистемийн дүйцүүлэн хамгаалах төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд:
Нэгдүгээрт: Бортолгойн тариалангийн орхигдож эвдэрсэн талбайд хамгаалалтын зурвасан ой байгуулах зорилгын хүрээнд 24 га талбайд 5 төрлийн мод тарьлаа. Энэ ажлыг Дарханы Агроэкологи Бизнесийн сургуулийн дэргэдэх Байгаль судлалын Төв ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн 8 гэрээт ажилтан ажиллаж байна.
Хоёрдугаарт: Доргонтын бэлчээрийн экосистемийн дүйцүүлэн хамгаалах төслийн хүрээнд Доргонт бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдсан нь газар нутаг, малын төрлөөсөө хамааран Эрээний нуруу, Баянгол, 179-р зөрлөг гэсэн гурван бүлэгт хуваагдаж ажиллаж байна. Хамтдаа дундын бэлчээрээ хуваан ашиглаж буй малчдыг зохион байгуулалтанд оруулах, бэлчээрээ сэлгэж амраах, ачааллыг тохируулах замаар мал аж ауйн үйлдвэрлэлийн үндэс болох бэлчээрийн чанар бүтээмжийг тогтвортой хадгалах, мөн малчдын амьжиргааг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас тоймловол:
Малчид бүлгээрээ, хот айлаараа хамтарч МАА-н үйлдвэрлэлийн гол үндэс-бэлчээрээ зохистой ашиглах, сайжруулах жижиг төслүүдийг хэрэгжүүлснээр бэлчээрээ сэлгэх, хадлангаа тордох, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн чухлыг ойлгож, бэлчээртээ хөрөнгө оруулалт хийх, хамгаалах талын хандлагат эерэг өөрчлөлтүүд гарч байна.
Өвөлжөө хаваржааны бэлчээрийг ургалтын хугацааны турш чөлөөлснөөр соргог бэлчээрийн талбай 2 дахин нэмэгдэж, сэргэх чадавхийн 4-р ангилал буюу ургамалжилт төдийгүй өнгөн хөрс элэгдэж эвдэрсэн, экосистемийн зарим үйлчилгээгээ алдсан төлөв байдалд байсан бэлчээр сайжирч сул болон дунд зэргийн доройтолтой бэлчээрийн ангилалд шилжсэн байна.
Малчид МАА-н эрсдэлийн санг байгуулснаар бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах, ялангуяа тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болж байна.
Малчид хамтарч ногоон тэжээл тариалах, олдоц ихтэй халгай луулиар дарш бэлтгэх замаар малчин өрхүүд жилийн нийт зардлын 30 гаруй хувийг эзлэх тэжээл худалдан авахад зарцуулдаг зардлаа бууруулах боломж бий болж байна.
Малын тоог өсгөх, бэлчээрийн ачаалалыг нэмэгдүүлэхгүйгээр малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр гаргасан Доргонт БАХ-ийн малчдын нэг амжилтын түүх бол “Нисдэг сүрэг” хэмээх зөгийн аж ахуйг эрхлэх болсон явдал мөн. Баянгол сумын хувьд Бороогийн уурхайн нөхөн сэргээлтийн талбайтай ойр байрлалтай, нөхөн сэргээсэн талбайн ургамлын бүлгэмдэлд балт ургамал багагүй хувь эзэлдэг, ургалтын хугацааны турш цэцэглэдэг гэхчлэн олон давуу талтай.
Зөгийн аж ахуй эрхлэх нь малчин өрхийн орлого нэмэгдүүлэх эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна тухайн экосистемийн ургамалжилтын тоос хүртээлтийг сайжруулснаар бүтээмжийг нь 30 хүртэл хувиар нэмэгдүүлдэг судалгааны дүн байдаг.
Бороогийн уурхайн нөхөн сэргээсэн талбайд суурилсан зөгийн аж ахуй эрхэлснээр тухайн экосистемийн тогтворжилт, бүтээмж, биологийн олон янз байдал нэмэгдэж байгалийн төрхөндөө орох зэрэг экологийн болоод малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Бэлчээрийн экосистемийн тэнцлийг дэмжих, мөн малчин өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг турших зорилгоор зөгийн аж ахуй эрхлэх “Нисдэг сүрэг” төслийг амжилттай эхлүүлсэн бөгөөд цаашид малчдын сонирхол дээр суурилан хамрах хүрээгээ улам өргөжүүлэх болно.