Бэлчээрийн үндэсний VIII форум “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад малчин эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо” сэдвийн дор боллоо.

Бэлчээрийн үндэсний VIII форум “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад малчин эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо” сэдвийн дор боллоо.

Уншсан既読Read 361
ТүгээхShare共有する공유하기

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Өгөөмөр рашаан сувиллын газарт 2025 оны 09-р сарын 23-24-ны өдрүүдэд “Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад малчин эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоо” сэдэвт Бэлчээрийн Үндэсний VIII форум болов. Төр засгийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн захиргаа, малчдын хэсэг бүлгийн төлөөлөл, аймаг сумдын малчин өрхийн анхдагч холбоо, дотоод гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөл болох 140 гаруй оролцогчтой уг форумаар 20 гаруй илтгэл мэдээллийг хэлэлцэж, 4 бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ба 10 гаруй ханын илтгэл тавигдлаа. Форумыг ерөнхий ивээн тэтгэгчээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг-GIZ, Герман улсын Байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэг, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид, байгууллагын СТеП ЭкоЛаб-2 төсөл (AVSF, StepEcoLab-II project) ажиллаж, ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Тарагт сумын ЗДТГ, ХААИС, TNC, WCS,    Ecofarm, ASPIDS, ADAPT, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, болон ХААН банк, Төрийн банк болон 19 аймгийн малчдын холбоод хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн форум нь малчин эмэгтэйчүүд, залуу малчдын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн ба 2026 онд болох Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг угтан зохион байгуулагдсанаараа онцлог юм. Тэрчлэн Ази тивийн эмэгтэй малчдын бүсийн хуралд оролцох хоёр эмэгтэй малчныг сонголоо.

Форумаас 22 заалт бүхий зөвлөмжийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газар, ХАА болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, Малчин Өрхийн Анхдагч Холбоод болон малчны өөрөө удирдах байгууллагын оролцогч талуудад хандсан уг зөвлөмжөөр:

Бодлогын хүрээнд: Малчдын бэлчээр нутгаа ашиглах, сэргээн сайжруулах, хамгаалахын тулд Малчин өрхийн анхдагч холбоотой гэрээлэн ашиглуулах хууль батлагдсаны дагуу хууль дагалдах журам болон бусад эрхзүйн зохицуулалтыг яаралтай сайжруулах, мал аж ахуйн эрчимтэй хөгжилд малчин эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог идэвхжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн салбарын жендерийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, малчдын эрүүл мэндийн суурь судалгааг хийж, урт дунд хугацааны бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, малын үржүүлэг-технологийн нэгжид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог бүрдүүлэн хүнсний эрүүл аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого гарган хэрэгжүүлэх, малын тоо толгойн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, орон нутагт малчдын хүрэлцээ, жендерийн асуудлаар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, сумын урт дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд  тусган хэрэгжүүлдэг болох зэрэг асуудлыг дэвшүүлэв.

Талуудын оролцоо дэмжлэгтэйгээр: Малын тэжээлийн нөөцийг сайжруулах, малын үүлдэр угсааг сайжруулахад чиглэсэн шинэлэг арга технологийг дэлгэрүүлэхийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид олгох ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, аялал жуулчлал, гар урлал, бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хариуцлагатай Нүүдэлчин” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг нэвтрүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллагаас хяналт болон туслалцаа үзүүлдэг байх, , Залуу, эмэгтэй малчдын бизнесийг хөгжүүлэх, гишүүдийнхээ малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд зуучлан борлуулах, хөв цөөрөм байгуулах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах санаачилгыг орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг шийдлийг тусгалаа.

Дэлхийн хэмжээний агуулгаар: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмрийг зорилтод хугацаанд хэрэгжүүлэх, НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласантай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нүүдэлчдийн өв соёл, бэлчээрийн мал маллагааны байгальд ээлтэй үнэт уламжлалаа хадгалан ирээдүй үедээ өвлүүлэх үйлсэд идэвхтэй манлайлан оролцохыг форумд оролцогчид уриаллаа.