МОНГОЛ УЛС ГАЗАР АШИГЛАЛТЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ДАМЖУУЛАН РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛНЭ

МОНГОЛ УЛС ГАЗАР АШИГЛАЛТЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ДАМЖУУЛАН РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛНЭ

ТүгээхShare共有する공유하기

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын 2026 оны үндэсний тайланг боловсруулах ажлын хүрээнд “Риогийн конвенцуудын уялдаа холбоо-эдийн засаг: Монгол Улсад газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлт болон мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилан газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх үйл ажиллагааг дэмжих нь” сэдэвт судалгааны эхлэлийн семинар 2026 оны дөрөвдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус семинарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын болон үндэсний түнш байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Семинарын хүрээнд Риогийн гурван конвенц болох Цөлжилттэй тэмцэх конвенц, Биологийн олон янз байдлын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийг уялдуулах, газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтийн бодлого, арга зүйг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Мөн үндэсний зорилтууд болох NDC, NAP, LDN болон Куньмин-Монреалын биологийн олон янз байдлын хүрээ (GBF)-тэй уялдсан бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийн бодит гарц шийдлийг хэлэлцэж буйгаараа онцлогтой.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсад газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх боломж, арга зам, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

Энэхүү семинар нь UNCCD COP17 олон улсын хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол Улс газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын бодлогыг уялдуулсан нэгдсэн хандлагыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.